Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн өгзөгт хүрсэн гэх хэрэгт буруутгаж Өмнөд Солонгосын цагдаа нарт баривчлагдсан гэх мэдээлэл тархаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой мэдээлэл гарч байна. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн дарга ёс зүйгүй авирласан бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5.6-т зааснаар хариуцлага тооцно. Үндсэн Хуулийн Цэцээс өгсөн мэдээллээр Үндсэн Хуулийн Цэцийн дарга энэ хэрэгт холбогдоогүй, ард нь сууж явсан иргэн үйлчлүүлэгчтэй зүй бусаар харьцсан учраас нисэх онгоцны буудалд тухайн иргэнийг саатуулсан гэж мэдэгдсэн” гэх тайлбарыг өглөө.