Өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл өглөө.
АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрөгч долоо хоногийн гол сэдэв байсан цахим аюулгүй байдлын асуудал манай орны хувьд сэтгэл зовоосон асуудал байлаа. БНХАУ-ын олон тооны иргэд нууцаар, зохион байгуулалттайгаар цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул холбогдох байгууллагын мэдээллийг хаалттай сонслоо. Энэ асуудлаас үүдэж манай улсад ямар хор хохирол учрах вэ гэдэгт онцгойлон анхаарч, цаашид анхаарах, юу хийх ёстой талаар санал сонссон.
Онцолж хэлэх зүйл байна. Нэгдүгээрт, Баривчилгааны үеэр олон зуун БНХАУ-ын иргэн нэг газраас жуулчны виз авсан нь анхаарлын төвд байна. Хоёрдугаарт, цахим сүлжээний ашиглалт, хамгаалалт, хяналт туйлын хангалтгүй байна. Гуравдугаарт, баривчилгааны үеэр 1.5 тэрбум төгрөг орчим бэлэн мөнгө хураагдсан нь мөнгө угаах үйл ажиллагаа уг цахим бүлэглэл нэрийн дор илт явагдсан гэх асуудал хөндөгдөж байна.
Тиймээс энэ мэт үйл ажиллагааг дахин давтагдахгүй байхад ямар ажиллагаа хийх талаар ярилцлаа. Хяналт сул, эзэнгүй улс орон болж ашиглагдсан тул эрх зүйн орчин, хууль хяналтын байгууллагын ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна” хэмээн мэдэгдлээ.