БНСУ-ын Инчеон хот дахь цагдаагийн газарт Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д. Одбаяр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн эсэх талаар байцаалтыг өчигдөр өглөө. Тус байцаалт 11 цаг орчим үргэлжилж өнгөрсөн шөнө 01.00 цагийн орчимд өндөрлөсөн байна.
Тэрбээр энэхүү үйлдлээ үгүйсгэсэн мэдээлэл өгч байсан хэдий ч тус байцаалтын явцад өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн хэмээн албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ. Түүнийг байцаалтнаас гарч ирэх үед асуулт асуухад ямар нэгэн хариулт хэлээгүй бөгөөд яг ямар үйлдлээ хүлээн зөвшөөрсөн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Гэрч, хохирогчдын мэдүүлснээр, Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтуурууах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр нь онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм. Мөн Д.Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх байгийн ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтан монголын иргэн Б-г “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэтээр сүрдүүлсэн гэсэн мэдээллүүд байна.
Анх Д.Одбаяр нь Инчеоны нисэх буудлын цагдаа нарт саатуулагдаад байхдаа дипломат халдашгүй эрхтэй гэж хэлээд суллагдсан байдаг. Харин дараа нь тус улсын Гадаад харилцааны яамнаас түүнийг дипломат эрх эдлэхгүй, түүнийг суллаж явуулах ёсгүй байсан гэсэн мэдэгдлийг хийсэн.
Харин түүнтэй хамт явсан А-ийн хувьд түүнийг баривчлах шийдвэр гарч БНСУ-ын хилээр орж ирсэн даруйд баривчлан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх аж.
Ийнхүү 11 цаг үргэлжилсэн байцаалтын дараа түүнийг 10 хоног БНСУ-аас гарахыг хориглож, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.