Монгол улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-нд Олон улсын Цэцийн гишүүдийн чуулга уулзалтад оролцохоор Улаанбаатар-Сөүл чиглэлийн KAL-ийн онгоцоор тус улсыг зорьсон. Гэвч тэрээр нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт нэр холбогдон, БНСУ-ын хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгч, шалгагдсан билээ.
Түүний энэхүү хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын талаас түүнд арав хоногийн хилийн хориг тавиад байсан хэдий ч энэхүү хоригоо цуцалсан байна. Учир нь тэрээр гадаадын иргэн бөгөөд өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзэж тус хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болжээ. БНСУ-ын Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн этгээдэд 10 хүртэлх сая воны торгууль төлөхөөр заасан байдаг бөгөөд ҮХЦ-ийн дарга өөрийн үйдсэн хэргээр хүлээж 20 сая вонны торгууль төлсөн гэх мэдээлэл ч цацагдаад байгаа юм.
Монголчууд бидний хамгийн олноороо “хараар” болон гэрээгээр сурч амьдарч буй Өмнөд Солонгос улсад эх орны минь нэрийг шалдаа буутал унагааж, тэнд амьдарч буй залуусыг маань нүүрээ хийх газаргүй болгосон ҮХЦ-ийн даргыг өнгөрөгч бямба гаригт эх орондоо ирсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан.
Түүнийг БНСУ-д байцаагдаж байхад нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Та нар хөгшин эхийг нь бод. Ямар ч үйлдэл хийсэн Монгол улс иргэнээ хамгаална” хэмээн мэдэгдэж байсан юм.
“Хөгшин эхээ бодсондоо” ҮХЦ-ийн дарга одоогоор ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байгаа бөгөөд шийдвэр гаргагчид “хөгшин эхийг нь бодсондоо” ямар нэгэн шийтгэл оногдуулахгүй ч өнгөрөөж магадгүй бололтой.