Мэргэжлийн сүмогийн Их аварга Какүрюү М.Анандын харьяалагддаг Изүцү дэвжээний ояката Сакахоко энэ оны есдүгээр сарын 16-нд нас баржээ. Үүнээс хойш тус дэвжээ багшгүй байгаа бөгөөд дэвжээний бөхчүүд хэсэг хугацаанд Мичинокү дэвжээнд шилжин барилдаж байгаа юм.
Дэвжээний багшийг нас барсантай холбогдуулж Японы Мэргэжлийн сумо бөхийн холбооноос Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь бусад дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
Харин тус дэвжээний бөхчүүд болон туслах ояаката энэхүү шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дэвжээгээ удирдах багшийн эрэлд гарчээ. Гэвч тэдэнд багшлах хүн олдоогүй бөгөөд Их аваргатай болохыг хүссэн зарим дэвжээнүүдээс нэгдэх санал тавьсан ч холбооны зүгээс зөвшөөрөөгүй аж.
Сүмогийн холбооны энэхүү шийдвэрийн улмаас Их аварга Какүрюү М.Ананд дэвжээгээ өвлөхийн тулд өнгөрсөн сард Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон Улсын иргэн болох хүсэлтээ гаргажээ.