ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр 14:00 цагт Баянзүрх дүүргийн шүүх танхимд хаалттайгаар болж өнгөрлөө.
Энэхүү хэрэгт тухайн үеийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал зэрэг долоон хүнийг холбогдуулан шалгаж тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх хэрэгт холбогдуулан нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө талуудын гаргасан хүсэлт, гомдлоор болон шүүгчийн санаачилгаар зайлшгүй тогтоосон байх шаардлагатай шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа бөгөөд энэхүү хуралдаанаас тэдэнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан байна.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзориг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн 1802 00488 0258 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж дараах шийдвэр гаргалаа.
Тус шүүх хуралдаанд яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 болон 17.5 дугаар зүйлийн 4-т заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээрхи яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар