Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.
Энэхүү Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын гэрээг соёрхон батлах тухай хуулийг өнгөрсөн сарын 29-ний өдөр УИХ-ын чуулганаар соёрхон батлаад байгаа билээ.
Уг гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар энэ оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм.
Хуулийг баталснаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, хоёр улс бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, хоёр талын худалдааг хурдацтай хөгжүүлж, бизнесийн болон бусад аж ахуйн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдэнэ хэмээн хоёр тал үзэж байгаа билээ.
Ерөнхий сайд энэ удаагийн айлчлалын хүрээнд Москва хотноо болох ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болох юм.