БНХАУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж буй жүдо бөхийн “Чиндао мастерс” тэмцээнд Монгол улсын тамирчид оролцож байна. Тус тэмцээнд монгол улсын 24 бөх барилдах бөгөөд одоогийн байдлаар манай тамирчид 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байгаа юм.
Эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд 34 жүдоч барилдснаас ОУХМ Г.Хэрлэн мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд алтан медалийн төлөө дэлхийн чансааны 7 дугаарт бичигдэж буй Италийн М.Ломбардотой барилдсан бөгөөд манай бөхийг өмсөх мэхээр унагаан тэмцээний аварга болсон байна.
Харин энэ жинд барилдсан манай нөгөө бөх болох Ё.Басхүү Гүржийн Важа Маргвелашвилиг вазари үнэлгээгээр ялж хүрэл медалийн эзэн болсон юм.
Тэгвэл манай хоёр дахь мөнгөн медалийг -48 кг жинд өрсөлдсөн Г.Наранцэцэг хүртлээ. Алтан медалийн төлөө Косово улсын бөх Д.Красникитэй барилдсан бөгөөд хоёр удаа вазари үнэлгээ алдаж мөнгөн медалийн эзэн болжээ.
Харин өнөөдөр тэмцээний -81 кг жингийн барилдаан явагдаж байгаа бөгөөд Монгол улсын нэрийн өмнөөс анхны тэмцээндээ оролцож буй Саеид Моллайе татами дээр гарсан юм. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөсөн хэдий ч хоёрдугаар тойрогтоо Италийн Кристиан Парлатитай таарч ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлөлөө.
Харин мөн жинд барилдаж буй Н.Дагвасүрэн “B” хэсгийн аваргын төлөө Туркийн бөх Албаярак Ведаттай барилдах бол -63 кг жинд барилдаж буй Б.Ганхайч жингийнхээ “B” хэсгийн аваргын төлөө Японы бөх Дой Масакотой барилдахаар болоод байна.
Одоогийн байдлаар тус тэмцээнд оролцогч улсуудыг медалийн чанараар Япон улс 2 алт, 1 мөнгөн медальтайгаар тэргүүлж байна.