Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт танилцуулав.
Засгийн газраас эрүүгийн багц хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байсан тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хууль санаачлагчдад танилцуулж, зөвшөөрөл авсны дагуу анхны хэлэлцүүлгийн шатанд төслийг нэгтгэн нэг төсөл болгосныг танилцуулгадаа дурдлаа.
Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна.
Түүнчлэн олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай тул энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, бусдад ял завших боломжийг гаргахгүй байхаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж Ажлын хэсгээс үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэснийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцоллоо.
Өнчин ишиг хулгайлсан ч гэмт этгээдэд зохих ял шийтгэлийг эдлүүлж, малын хулгайн гэмт хэрэгт зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулдаг зохицуулалт оруулахаар хуулийн төсөл санаачлагч болон Ажлын хэсэг үзсэн талаар мөн тэмдэглэсэн юм.
Танилцуулгын үеэр Байнгын хорооны дарга Х.Нямбаатар цагдаагийн болон бусад хуулийн байгууллагуудад цөөн тооны мал хулгайлсан бол ял шийтгэлгүй үлдэх мэтээр буруу ойлголт нийтийн дунд түгээд байгааг залруулах үүрэг, чиглэлийг өгсөн юм.
Дараа нь Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр хуралдаан өндөрлөсөн байна.