Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг \”Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сургалтад 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хамрагдаж байна.
\”Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн сургалтаар сэтгүүлчдэд Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн хамгаалалт, Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, шүүхийн эрх зүйн шинэтгэл, тулгамдаж буй асуудал зэргийг хөндөж, цогц мэдлэг олгох зорилготой юм.
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудтай \”Шүүхээс мэдээлэл авах эрх” сэдвийн хүрээнд уулзалт ярилцлага зохион байгуулна.
\”Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж оролцож, сэтгүүлчдэд амжилт хүслээ. Эхний хичээлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа \”Хэргийн хөдөлгөөний удирдлага сэдвээр” зааж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж тэдэнтэй нээлттэй санал солилцов. Мөн Улсын дээд шүүхийн шүүгч, докторант Ц.Амарсайхан \”Иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог” сэдвээр хичээл заалаа.
Сургалтад өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат \”Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал”, УИХ-ын гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн багш Х.Тэмүүжин \”Шүүхийн эрх зүйн шинэтгэл, тулгамдаж буй асуудал” Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн \”Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны онцлог” сэдвээр тус тус хичээл заана. Сургалт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс