Гэр бүл бол нэгэн зорилгын төлөө нийгэм дэх үүргээ ухамсарлан гүйцэтгэж буй бичил систем билээ.
Өөрөөр хэлбэл нийгмийн ололт амжилтын үр шимийг хамтаараа хүртэж, хамтдаа хариуцлага хүлээдэг хамгийн боловсронгуй бүтэц бол гэр бүл юм. Тиймээс Д.Сүхбаатар жанжины мэндэлсний 127 жилийн ой тохиож байгаа дээр түүний хамгийн ойрын хамтран зүтгэгч, итгэлт хань Н.Янжмаагийн тухай дурдах нь зүйтэй.
Д.Сүхбаатар, Н.Янжмаа нарын бүтээсэн гэр бүл Монголчуудад өнө хойчид дурсагдах өвийг үлдээсэн билээ.
Ирээдүйн их үйлийн төлөө өөрсдийн сайн сайхныг золиослож чадах хүчирхэг зан байдал бол энэ гэр бүлийн бат бэх суурь гэлтэй.
Тухайлбал 1920 оны 3-р сард ЗОУ-аас тусламж гуйхаар явахад өөрсдийн орон гэрээ зарж, замын зардалд хандивласан байдаг. Ингээд өвлийн хүйтэнд айлын пинд хорогдож байсан ч хувьсгалын үйл хэргээс ухарч байгаагүй.
Гэргий Н.Янжмаа нь нөхрийгөө насан эцэслэсний дараа ч эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн сэтгэлээр ажиллаж, улс төрийн хүрээнд хариуцлагатай албан тушаалуудыг хашиж явсан бөгөөд нийгмийн дэвшилтэт үзэл санааг бэхжүүлэхийн төлөө нэгэн амьдралаа зориулсан байдаг.
Д.Сүхбаатар жанжин болон түүний гэргий Н.Янжмаа нарын үлдээсэн өв суурин дээр өнөөгийн Монгол улс мандан бадрах болтугай.
НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
Төрийн удирдлагын доктор А.Гантуяа