Дархан-Уул аймагт энэ сарын 5-ны өдөр 1-5 настай гурван хүүхэд амиа алдсан харамсалтай осол гарсан. Хүүхдүүдийн ээж Дархан-Уул аймгийн V цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг бөгөөд тус цэцэрлэгийн эрхлэгчийг осолтой холбоотойгоор ажлаас нь чөлөөлжээ.
Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат “Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг V цэцэрлэг дээр ажиллаж, хяналт шалгалт явуулсан. Цэцэрлэгийн эрхлэгчийг ажлын хариуцлага алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тухайн өдөр цэцэрлэгийн ажилтнуудыг дуудаж ажиллуулсан нь БСШУС-ын сайдын гаргасан шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийг зөрчсөн гэж үзсэн” гэлээ.