Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг Бүгд найрамдах Чех улсын Үйлдвэр худалдааны дэд сайд Владимир Бэртлтэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Монгол Улсын эрдэс баялгийн салбар, тэр дундаа геологийн салбарт Бүгд найрамдах Чех улсын геологичдийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа уулзалтын эхэнд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг онцоллоо. Сүүлийн жилүүдэд Монгол, Чех улс нь цацрагт идэвхит ашигт малтмалын салбарт идэвхтэй хамтран ажиллах болсныг тэрээр мөн дурдлаа. Тухайлбал Монгол, Чехийн хамтарсан \”Мон Чех Ураниум” компанийг байгуулсан нь хоёр орны хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлсэний нэг илрэл юм.
Чех улсын Үйлдвэр худалдааны дэд сайд Владимир Бэртл \”Монгол Улсын хувьд ашигт малтмалын салбар нь улсынхаа тэргүүлэх салбарын нэг гэж сонссон. Өчигдөр болж өнгөрсөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын VI хуралдааны үеэр Монгол Улс, Чех улсын геологи, хайгуулын салбарт урт хугацаанд хамтран ажиллах Ажлын хэсэг байгуулах санал гарсан гэдгийг дуулгахад таатай байна. Байгалийн баялгаа зөв зохистой ашиглах тал дээр бидэнд олон жилийн туршлага бий. Энэ салбарт байгаль орчинд ээлтэй, тэргүүний техник, технологи нэвтрүүлж байгаа” талаараа танилцууллаа.