Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит \”Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг \” шалгаруулах 23 дахь уралдааныг зарлалаа.
Тус уралдааныг10 дугаар сарын 7-ноос 16 хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд анхан шатны шалгаруулалтыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар 10 дугаар сарын 7, 8, 9-ний өдөр тусгай хуваарийн дагуу дүүрэгтээ зохион байгуулна. Дүүрэг тус бүр гурван хамтлагийг шалгаруулж, төгсгөлийн шатанд оролцуулах юм. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Монголын хүүхдийн ордонд 10 сарын 16-нд зохион байгуулж, амжилттай оролцсон сургуулиудын сурагчид 10 дугаар сарын 29-нд болох нийслэлийн өдрийн хүндэтгэлийн тоглолтод оролцоно.
Уралдаанд заавал дуулах дуу, өөрийн урын санд орсон дан найрал дуу, хөгжимтэй найрал дууны бүтээл гэсэн гурван дуу дуулах бөгөөд заавал дуулах дуу нь 2014 онд зохион байгуулсан \”Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээлийн уралдаан”-ны хоёрдугаар байранд шалгарсан У.Мөнхжаргалын хөгжим \”Би зугаалж явна” дан найрал дуу байна. Харин өөрийн сонголтоор дуулах хоёр дууны нэг нь дэлхий нийтээр олны хүртээл болсон хүүхдийн хоолойд таарсан хөгжимтэй бүтээл байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.