Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад буй. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хориог сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг ажил эхлэх болон тарах цагаар үзүүлэхээр болсон.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу өглөөний 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна. Өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус үйлчилгээнд гарч байгаа бол өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгсэл цөөн тоогоор иргэдэд үйлчилж байна.
Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд ажилдаа ирж очих иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс өглөө 06:30 – 07:40, орой 18:30 – 19:30 цагуудад үйлчилгээг үзүүлж байна.