Байнгын хорооны 9-р сарын 5-ны өдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Тэрээр, Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн тодотголд Гадаад харилцааны яамны урсгал зардлыг 198.4 сая төгрөгөөр бууралсан бол Дипломат төлөөлөгчийн газрын зардлыг яагаад 1,789.7 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Энэ нь Дипломат төлөөлөгчийн газрын орон тоо, бүтэц нэмэгдсэн эсэх талаар лавлав. Мөн Батлан хамгаалах яамны албаны хүмүүсээс тус салбарын нийт зарлагыг төсвийн тодотголд 4.1 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан байгааг тодруулсан юм.
Гадаад харилцааны яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Барбаатар тайлбар хийхдээ, Дипломат төлөөлөгчийн газрын зардлыг нэмэгдүүлсэн нь валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалсан болно гэлээ. Батлан хамгаалах яамны хувьд, 2016 оны төсвийн орлого, зардлын нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, тэвчиж болох үйл ажиллагааны урсгал зардлыг бууруулах үүднээс Батлан хамгаалах сайдын багцын нийт зарлагыг төсвийн тодотголд 4.1 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан байгаа. Тухайлбал, Төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалин бусад салбарын адил 20 хувиар бууруулсан. Төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийг 40 хувиас хэтрүүлэхгүй байх мөн \”Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрт зарцуулах зардлыг 2.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцоолж төсвийн тодотголд тусгасан гэв.
Ингээд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргав. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ё-д \”Авлигатай тэмцэх” гэсний дараа \”Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт” гэж нэмэх санал 80 хувиар дэмжигдэв. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан БХЯ-наас гадаадад суралцаж буй оюутан, сурагчдын зардлыг хэвээр буюу 3.4 тэрбум төгрөгөөр хадгалахыг нийт оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар дэмжигдэв. Мөн Монгол ардын намын бүлгээс цалин хөлсийг төсвийн тодотголд хэвээр үлдээх буюу бууруулахгүй байх зарчмын зөрүүтэй санал 90 хувийн саналаар дэмжигдэв.
Ийнхүү Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ