Дэлхий нийтийг түгшээж буй СOVID-19 буюу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг шуурхай авч, хэрэгжүүлж байна.
Халдвараас урьдчилан сэргийлэх энэ хариуцлагатай цаг үед иргэн бүр амны хаалтыг өдөр тутам зүүх шаардлагатай байгаа хэдий ч дэлхий нийтэд амны хаалт хомсдож, зарим улс орон экспортод гаргахаа хориглосон байдалтай байгаа нь Монгол улсад амны хаалтны эрэлтийг улам нэмэгдүүлж байна.
Иймд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ СOVID-19 буюу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “30 000 ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ХИЙХ” уриалга гаргаж, аймаг, дүүргийн салбар холбоодынхоо 100 мянга гаруй гишүүдийнхээ хүчээр стандартын шаардлага хангасан, хөвөн даавуун материалаар угааж ариутган дахин хэрэглэж болох 30 мянган ширхэг амны хаалт хийлээ.
Өнөөдөр НАМЭХ-ны Удирдах зөвлөл болон Нийслэл, 9 дүүргийн салбар холбоод амны хаалтуудаа Эрүүл мэндийн яаманд албан ёсоор гардуулж өглөө.
НАМЭХ-ны 21 аймгийн салбар холбоод харъяа орон нутгийнхаа Эрүүл мэндийн газарт гардуулж өгсөөр байна.