Хорин нэгдүгээр зууны мэдээллийн эринд шударга үнэний дуу хоолой байж, түмэн олны харах нүд, сонордох чих, дэнслэх ухааныг чиглүүлэгч луужин болох хүндтэй үүрэг хүлээсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтан та бүхэнд Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 107 жилийн ойн мэндийг хүндэтгэн дэвшүүлье.
Өдгөө нийгмийн сүлжээгээр зах хязгааргүй хөвөрч буй олон янзын мэдээллийн урсгал дунд мэргэжлийн сэтгүүлчдийн олон талаас нь нягтлан тунгааж, боловсруулсан мэдээ, сурвалжилга, нийтлэлүүд мэргэжлийн ёс зүйгээрээ ялгарч байх учиртай.
Хотын Захирагчийн хувьд миний бие нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг олон нийтэд илүү нээлттэй, ил тод байлгахыг зорилт болгон ажиллаж буйгаа энэ ташрамд Та бүхэндээ дуулгая.
Сэтгүүл зүйн салбар гэдэг өнөөдөр зөвхөн мэдээлэл түгээхээр хязгаарлагдах бус, олон нийтийн сэтгэл зүйг зөв тийш удирдан чиглүүлэх үүрэгтэй гол “галын фронт” болсон байна. Эрүүл, зөв хандлагатай, бүтээлч, хүнлэг нийгмийг цогцлоох үйлсэд оройлон манлайлж яваа сэтгүүлчид Та бүхэндээ үзэг тань хурц, үг тань үнэн, үйлс тань өнөд бүтэмжтэй байхын ерөөл өргөе.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан