Энэтхэгийн хамгийн баян эр гэгддэг Мукеш Амбани хэдэн зуун сая ард иргэдээ гар утасны 4G интернэт сүлжээгээр үнэгүй хангахаар болжээ. Тус улсын хамгийн баян хийгээд өгөөмөр эр тэрбээр энэ нүсэр ажлыг хийхийн тулд 20 тэрбум ам.доллар цацсан гэнэ.
4G интернэт сүлжээ Энэтхэгийн нийт нутгийн 80 гаруй хувьд хүрчээ. Иргэд энэ оныг дуустал хурдны интернэтийг үнэгүй ашиглах бөгөөд харин ирэх жилээс сард ердөө 149 рупи буюу 2.25 ам.доллар төлөх гэнэ.
Мукеш Амбани Энэтхэг даяар 100 орчим мянган цахилгаан холбооны цамхаг барих ажилд тэрбум тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоогийн байдлаар 18 мянган хот, 200 мянган тосгонд интернэт сүлжээгээ цацаж эхэлжээ. Тэрбээр 2017 оны гурван сар гэхэд хүн амын 90 хувьд хурдны интернэтээ хүргэхээр төлөвлөсөн байна.