Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:
–Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зургадугаар сард үйлдэгдэх нислэгийн бэлтгэл хангагдаж, эхний нислэгүүд амжилттай боллоо. Өнөөдөр өглөө Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэгдсэн. Нийт 175 иргэнээ татан авч, 19.35 цагт газардах урьдчилсан хуваарьтай байна. Эдгээр хүмүүс дотор дөрвөн нярай хүүхэд байгаа. Бид иргэдээ тусгаарлах байрны асуудлыг хуваарилж, зохицуулсан.
Дараа нь зургадугаар сарын 17-нд АНУ буюу Хойд америкт байгаа монголчуудаа түлхүү татаж авах тусгай үүргийн нислэгийг Сөүл хотод үйлдэнэ. Зургадугаар сарын 18-нд Сөүл хотоос иргэдээ татаж авна. Бэлтгэлээ хангаад явж байна. Мөн зургадугаар сарын 19-нд Европын орнуудад байгаа иргэдээ татан авахаар Франкфурт руу нислэг үйлдэнэ. Энэ долоо хоногт зургадугаар сарын 12-нд Энэтхэгийн Гоа хот руу нислэг үйлдэж, ламхай нарыг авч ирнэ.
Транзит зорчигчдыг татан авахтай холбоотойгоор БНСУ-ын Хууль зүйн сайдын гаргасан шийдвэрийн талаар тэр даруйд нь Гадаад харилцааны яам, Сөүл дэх Элчин сайдын яам, Улаанбаатар дахь БНСУ-ын Элчин сайдын яамтай дипломат шугамаараа ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нааштай хариу өгөх төлөвтэй байна. Солонгосын талтай зургадугаар сарын 17-нд транзит зорчигчдыг авах, 18-нд БНСУ-д байгаа иргэдээ татан авна. Үүнээс гадна Зүүн өмнөд Азид байгаа иргэд олон сар хүлээж байгаа учраас Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэж, тэнд байгаа монголчуудаа татан авах саналыг БНСУ-ын талд танилцуулсан. Яриа хэлэлцээ ахицтай явж байна.