Есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэх бол нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр бэлтгэлээ хангаж байна гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Цар тахалтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс хичээл эхлэх боловч долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гарсан.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны дэд сайд мөн энэ түр журмын үйлчлэх хугацаа ойрын хугацаанд дуусгавар болно гэж байсан юм.
ЗГХМХА-ны дарга Ц.Ганзориг мөн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгасан бөгөөд энэ нь хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл, халдвар тархахаас урьдчилан сэргийлсэн хуульзүйн үндэслэл. Цаашид соёл урлаг, спортын арга хэмжээдийн талаар мөн и-спортын төвүүдийг нээх талаар ажиллаж байна” гэдгийг мэдээлсэн байна.