Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт хандсан талаар мэдээлсэн. Хүүхдүүдийн хувьд 6-10 насны 36 хүүхэд сумын эмнэлэгт хандсанаас 14 хүүхэд сумын эмнэлгийн халдварт өвчин судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа ажээ. Мандал сумын Онцгой комисс өнөөдөр /2020.09.07/ хуралдаж, гуравдугаар сургуулийн үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бага ангийн 25 бүлгийн 810 хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийхээр болсон. Хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүүхдүүдийн өтгөнөөс шинжилгээ авсан бөгөөд хариу нь гурав хоногийн дараа гарна гэдгийг сумын захиргаанаас мэдээллээ.