АНУ-ын сансар судлалын агентлаг NАSA өөрийн зардлаар сарны хөрснөөс дээж авч,дэлхийд авчрах хувийн компани хайж байгаагаа энэ 9-р сарын 10-нд зарлажээ. Ингэж олборлосон хөрсний дээжийн 50-500грамм орчмыг нь $15,000-$25,000-ын хооронд үнээр NASA худалдаж авах юм байна.
NASA-н захирал Жим Брайденштейн дэлхийд авчирсан материалыг “саран дээр ирээдүйд буух сансрын нисгэгчдийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх технологид ашиглана”гэж мэдэгджээ.
АНУ нь 2024 онд саран дээр хүн буулгах зорилготой Artemis төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн юм.Саран дээр олборлолт явуулсан туршлагаа дараа нь Ангараг гарагт бас ашиглах төлөвлөгөөтэй байгааг мөн мэдэгджээ.1967 онд батлагдсан оу-н “гадаад сансрын гэрээнд”нийцүүлэхийн тулд хувийн компани хөлслөхөөр болж байгаа гэнэ.
Уг гэрээнд зааснаар дэлхийн аль ч улс орон сар болон бусад сансрын гараг эрхэс дээр өөрийн эзэмшлийг бий болгох хориотой юм.Энэ нь Антарктид тивийг хувааж эзэмшихээс хамгаалсан оу-н зохицуулалттай адил ажээ.Брайденштайн энэ талаар”сарны нөөцийг ашиглахдаа далайгаас улс орнууд хэрхэн туна загас барьдагтай адил дүрмээр явж болно гэж бид боддог.Гэхдээ сарны хувьд ялгаатай нь олборлогч этгээд хаанаас ямар материал авснаа зурагжуулж бусадтайгаа нээлттэй хуваалцах ёстой”гэж блогтоо бичсэн байна.
Planetary Society байгууллагын бодлогын зөвлөх Кэси Драйер NASA-н санаачлагыг санхүүгийн хувьд төдийлөн сонирхолтой бус боловч хувийн компаниуд сансрын гараг эрхэс дээр олборлолт явуулах асуудлыг зохицуулахад хууль эрхзүйн жишиг болох ач холбогдолтой гэж бодож байгаагаа твиттерт бичсэн байна.
Эх сурвалж: The Guardian