АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх Лхагва гаригт (2020.10.7) Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байснаа цуцалжээ. Тэрбээр Японд айлчилж, Австрали, Энэтхэг, Японы албаныхантай дөрвөлсөн уулзалт хийгээд шууд нутаг буцахаар болжээ.
Майк Помпео Японоос гадна Өмнөд Солонгос, Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп COVID-19 цар тахлаар өвдсөнөөс болж Ази дахь айлчлалаа танасан байна. Дональд Трамп өнгөрсөн Баасан гаригт коронавирусийн халдвараар оношлогдож, цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Майк Помпео Япон руу нисэхийнхээ өмнө хоёр ч удаа коронавирусийн шинжилгээ өгч байж айлчлалаа эхлүүлжээ.