Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн бэлтгэл холбогдох яамдад бүрэн хангагдсан талаар өнөөдөр Сангийн яамнаас мэдээллээ.
Хэвлэлийн хуралд Сангийн дэд сайд С.Пүрэв, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батбаатар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч /МҮХАҮТ/ Б.Лхагважав нар оролцсон юм.
Энэ үеэр Сангийн дэд сайд С.Пүрэв \”Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль энэ оны наймдугаар сарын 7-нд батлагдсан. Хуулийн зорилго нь төрийн байгууллага, албан тушаалтны илрүүлж чадахгүй байгаа, бүртгэлээс гадуурх хөрөнгө, орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хариуцлагаас нэг чөлөөлөхөд оршиж байгаа” гэв.
Хуульд зааснаар нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа 10 дугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд сайн дураар ил болгох учиртай. Тиймээс энэ ажлыг хангах үүднээс http://iltod.mta.mn сайтыг нээн ажиллуулж байгаа юм.
Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав \”Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн бэлтгэлийг хангах үүднээс холбогдох дөрвөн агентлагийн 8000 гаруй мэргэжилтнүүд ажилласны дүнд үндсэндээ жигдрээд байна. Энэ намрын чуулганаар багагүй хууль, журамд өөрчлөлт орно. Тэгвэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлснээр санхүү, бүртгэлийн системээ шинэчлэх боломж бүрдлээ хэмээн харж байна” гэв.
Ямартай ч албаны хүмүүсийн онцолсноор иргэн, аж ахуйн нэгжид мэдээлэл түгээж, зөвлөгөө өгөх ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.Харин нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааны мэдээллээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний 24.00 цагийн дотор багтаан ирүүлэх ёстой ажээ. Гэхдээ таны ирүүлсэн мэдээллийг чандлан нууцлана гэдгийг албаныхан хэллээ.