УИХ-ын Түр хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин олгосон байгаа зээлийн хүүг бууруулах боломжийн талаар санал гаргав.
Тэрбээр өмнө нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хугацааг 2021 оныг дуусталх хугацаанд хойшлуулах, энэ хугацаанд зээлийн хүүг 11% болгон тооцож, хуримтлуулах, нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүй байх, жижиг, дунд бизнесүүдийг орлогын болон НӨАТ-аас чөлөөлөх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх саналыг Засгийн газар болон Монголбанканд хүргүүлсэн байна.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнөөс “Засгийн газрын одоогийн шийдвэрээр зээлийн хүүгийн төлбөр хойшилж байгаа. Тухайлбал, сард 150 төгрөгийн хүү төлдөг хүн долдугаар сарын 1-нд нэг сая төгрөгийн хуримтлагдсан хүү төлнө. Тиймээс гарсан зээлүүдийн хүүг 11% болгож бууруулах саналыг би хүргүүлсэн. Энэ талаар Монголбанк судалсан уу” гэж асуув.
Г.Дөлгөөн “Бид энэ талаар Банкны холбоотой санал солилцсон. Арилжааны банкууд өөрсдөө эрсдлээ үүрээд буюу хүүн дээр 1.7 пунктээр ачаа үүрэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Үүнийг бид судалж байгаа. Ойрын үед шийдвэр гарна” гэлээ.
Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжих 23 арга хэмжээг танилцуулсан.
Уг арга хэмжээний нэг болох “Банк, банк бус санхүүгийн байгууллага нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүй байх” гэдэгт банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлүүлэхийг Засгийн газраас даалгасан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулах зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн танилцуулсан билээ.