Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг ирэх мягмар гарагт дуусна. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдааны үеэр Шадар сайд Я.Содбаатар хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногийн сүүлээр шийднэ хэмээн мэдэгдсэн.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мөн энэ талаар “Дотоодын халдвар голомтлосон хэлбэрээр үргэлжилж байна. УБ хотод хоёр голомтоос эх үүсвэртэй тохиолдол илэрсээр байна. Цаашид 12 дугаар сарын нэгнээс хойш хөл хорио хэрхэх нь халдвар хэрхэн тархаж буйгаас шалтгаална. Яг одоогоор шийд гаргахад эрт байна. Шинэ голомтууд нэмж бүртгэгдэхгүй байвал хөл хориог дөрвөн үе шаттай авна” гэсэн.
Маргааш Улсын Онцгой комиссын хуралдаантай. Тус хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг шийдвэрлэх аж. Бидэнд ирсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн зүгээс хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ. ЭМЯ уг саналыг нь дэмжиж байгаа ч Сангийн яам уг саналыг дэмжихгүй байгаа аж. УОК-ын гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталгаажуулна.