Замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах
зорилгоор хэрэгжүүлж байсан дугуй түгжих үйл ажиллагааг зогсоожээ.
\”Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт
хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх
Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд илт хууль бусад тооцсон талаар
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан мэдээллээ.
\”Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор гаргасан
бөгөөд энэ нь хууль бус учраас зогсоох шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шаардсан.
Гэвч нийслэлийн удирдлагуудын зүгээс ШӨХТГ-т ийм эрх
байхгүй гэдгийг мэдээлж, улмаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан дөрөвдүгээр сарын
2-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон НИТХ-ын тэргүүлэгчдийг шүүхэд
өгч байсан билээ.
Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл есдүгээр сард
хууль бус захирамжаа хүчингүй болгож, шүүхэд тайлбараа ирүүлж, энэ ажиллагааг
зогсоохыг хүссэн байна.
\”Энэ захирамж анхнаасаа илт хууль бус байсан. Үүнээс
үүдэн иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан. Тиймээс энэ хохирлыг
барагдуулахаар ажиллана” хэмээн ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэллээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас
иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд \”Шударга төрийн төлөө”, \”Монголын хуульч
эмэгтэйчүүдийн холбоо” төрийн бус байгууллагуудтай хамтран тээврийн хэрэгсэл
зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд өмгөөлөл үзүүлж,
хохирол барагдуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Дээрх чиглэлээр 16 аж ахуйн нэгж үйл ажиллагаа
явуулж байсан бөгөөд эдгээр байгууллагад шаардлага хүргүүлсэн байна.
Мөн автомашин ачсаны улмаас иргэдэд хууль бус
торгууль ногдуулсан хэргийг мөн шүүхэд өгсөн бөгөөд аравдугаар сард шүүх хурал
нь болох аж.