Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ байгуулсан 10 аж ахуйн нэгжийн 503 такси үйлчилгээнд гарна.
Эдгээр тээврийн хэрэгсэлд өглөө бүр такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, мэргэжлийн байгууллага ариутгал хийж үйлчилгээнд гаргах бөгөөд шугам замд автотээврийн хяналтын улсын байцаагч хяналт тавих юм.
Такси үйлчилгээнд тавих тусгай нөхцөл шаардлага:
- Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011, Такси үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS 5122:2013 стандартын шаардлагуудыг хангасан байх
- Үйлчилгээ эхлэхээс өмнө тээврийн хэрэгслийн гадна, дотор талыг угааж халдваргүйжүүлэх
- Ажил эхлэхийн өмнө жолооч нарын биеийн халуун хэмжиж, амны хаалт, нүүрний хаалт зүүлгэн, гарыг халдваргүйжүүлэх, халдварт өвчтэй хүн асарсан, харилцсан талаар асуумжийг авч, бүртгэх
- Таксины жолоочийн хэсгийг зорчигчоос тусгаарлан хаалт /нийлэг хальсан материал ашиглаж болно/ хийж, зорчигчдыг зөвхөн арын суудалд суулгаж үйлчлэх
- Зөвхөн амны хаалттай зорчигчид үйлчилж, суудлын дэргэд гар халдваргүйжүүлэх уусмал байрлуулах
- Зорчигчийг буулгаж, дараагийн зорчигч суулгахаас өмнө тээврийн хэрэгслийн цонхыг 5-10 минут онгойлгон агааржуулах, хаалганы бариул, суудал зэрэг гар хүрэх бүх эд зүйлсийн гадаргууг халдваргүйжүүлэх бодисын уусмалаар шүршиж арчих
- Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог карт, дансны дугаар ашиглан хийх, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй байх, картыг пос машинаар уншуулсан тохиолдолд товчлуурыг тухай бүр халдваргүйжүүлэх уусмалаар арчих
- Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санал зөвлөмжийг урд суудлын арын хэсэгт үйлчлүүлэгчдэд харагдахуйц ил тод байршуулах
- Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх “Бүртгэлийн цэг”-ийн QR кодыг qr.119.mn сайт ашиглан, зааврын дагуу зорчигчийн иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж бүртгэлжүүлэх гэжээ.