Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран нийслэлийн Хан-Уул дүүргийн \”Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн сурагчдад болзошгүй усны ослын эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа.
Сургалтын үеэр Монгол Улсын Далайн захиргаанаас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, усан замын тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд аюулгүй байдлаа хэрхэн хангах, аврах хантаазыг хэрхэн өмсөж ашиглах талаар үзүүлэх сургалт явуулсан юм.
Мөн ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн албан хаагчид болзошгүй усны ослын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдсон хүнд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалт хийлээ.
Түүнчлэн уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг дэлгэн үзүүлсэн нь сурагчдын сонирхолыг ихээр татаж байсан юм.
Сургалтын төгсгөлд тус сургуулийн сурагчдын дунд зарласан \”Би завиар аялахдаа” сэдэвт гар зургийн уралдааныг дүгнэж, эхний байр эзэлсэн сурагчдад шагналыг гардуулав.