Тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавирус тархсан гэсэн мэдээлэл түгээсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх хэсэгт заасан хариуцлага оногдуулсан хэмээн иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудсанд мэдээлсэн. Энэ талаар Цагдаагийн газрын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас мэдэгдэл хийв.
Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат хэлэхдээ, “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж, эмчлүүлж байсан Д.Мөнхбат гэх иргэний холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс манай албаны салбар нэгжид ирүүлсэн. Иргэн Д.Мөнхбат нь тусгаарлах байранд хулганаар дамжиж, коронавирус тархсан гэсэн мэдээлэл түгээсэн. Үүнийг цагдаагийн алба хаагчид хүлээн авч шалгаж, энэ нь Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх хэсэгт заасан коронавируст цар тахал буюу аюулын үед бусдыг төөрөгдүүлэх, худал мэдээлэл гэж үзэж, зөрчлийн хэрэг нээн шалгасан. Түүнд дээрх хуулийн зүйл заалтыг үндэслэн шийтгэл оногдуулсан.
Гамшиг ослын үед Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулиар олныг төөрөгдүүлэх худал мэдээ, мэдээлэл тараах, мөн бусдын нэр хүндэд халдахыг хориглосон зохицуулалтууд байдаг. Эрүүгийн хуулийн 15.6, мөн хуулийн 13.16 дахь хэсэгт тухайн хуулийг зохицуулсан зохицуулалт байдаг. Хуулийн дагуу, холбогдох шийтгэлийг хүлээлгэсэн. Иргэн өөрийн үзэл бодлоороо хандаж болно, тухайн мэдээлэл ямар хор хохиролтой болохыг мэдэхгүй ч байж болно. Гэхдээ хуулийн дагуу бол гамшиг, хорио цээрийн үед уг өвчний талаар олныг төөрөгдүүлсэн худал мэдээлэл тараасан гэж үзсэн” гэлээ.