Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийгдэж буй E-Mongolia төслийг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүдэд сануулжээ.
Монгол Улсын Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зориулж төрийн 180 гаруй үйлчилгээг цахим нэг цонхны E-Mongolia үйлчилгээгээр үзүүлж байна. Цаашид 592 үйлчилгээг нэгтгэж, иргэдийн цаг, санхүүг хэмнэхээр зорьж байгаа юм.
Ташрамд дурдахад, Засгийн газрын хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх эсэх асуудлаар УОК-ын гаргасан саналыг хэлэлцэж байна. Хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэх болно.