Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан шинжилгээ авах төвүүдийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаатай танилцаж байна. Яг одоо Баянзүрх дүүрэг 133-р сургууль дээр байрлаж буй шинжилгээний төвийн ажилтай танилцаж байна.
Шадар сайд С.Амарсайхан“Найман лаборатори ажиллаж байна. Шинжилгээний хариуг гурван цагийн дотор гаргах боломжтой байдаг юм байна.
Авсан шинжилгээг цаг тухай бүрд нь лаборатори руу явуулж чадахгүй өглөөнөөс орой хүртэл авсан шинжилгээг хадгалж байгаад лаборатори руу хүргээд хариуг авдаг юм байна.
Тэгэхээр шинжилгээний хариуг яаралтай гаргахад хичнээн ажилтан нэмж шаардлагатай байна гэдгийг тодорхойлж тооцоолох шаардлагатай байна. Та бүхэн шинжилгээ авах явц, өөрсдөө ч халдвар хамгааллыг сайн баримтал. Халдваргүйтэл хийж байгаа хүн чинь яагаад бээлий өмсөөгүй байна вэ. Болохгүй шүү.
Шинжилгээ өгч байгаа хүн нэг урсгалаар гардаг байх ёстой. Гэтэл замд нь хувцас солих өрөө байгаа нь эрсдэлтэй байна. Энэ мэтчилэн эрсдэлтэй нөхцөл байдлыг анхаарч ажилла” гэлээ.
Шинжилгээ авах цаг олдохгүй байх хийгээд шинжилгээ хийх явцад алдаа эндэгдэл гаргахаас сэргийлж ажиллах нь шинжилгээ авах төвүүдийн анхаарах ёстой ажил гэдгийг тэрбээр анхааруулсан юм.
Өнөөдрийн байдлаар тус төвийн шинжилгээ авах цагийн хуваарь даваа гараг хүртэл дүүрсэн байгаа бөгөөд яаралтай тохиолдолд цаг шаардахгүй шинжилгээг авч байна гэдгийг тус төвийн ажилтан мэдээллээ.