Монгол Улсад ирэх сард коронавирусний халдвар нэмэгдэх эрсдэлтэй байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр анхаарууллаа.
Тодруулбал, сүүлийн өдрүүдэд коронавирусээр халдварласан хүмүүсийн ойрын болон дам хавьтал, тусгаарлалтад орж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна. Мөн математик загварчлал буюу УОК болон ЭМЯ-ны эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр дээрх хэтийн төлөв гарсан байна. Иймд урдчилан сэргийлэх, цаашад хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж байгааг онцолсон юм.
Тэрбээр, “Бид халдвар эсэргүүцэх ажил, тэнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудаа бэлтгэж, судалгаа гарган өдөр бүр тооцоолол хийж байна. Монгол Улсад эмнэлгийн байгууллагын нийт 57 мянга гаруй ажилтан байгаа. Энэ цаг үед нарийн мэргэжлийн тархвар судлаач 120 гаруй байгаа. Эрчимт эмчилгээний 100 гаруй, халдвартын 70-80 нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна. 31 мянган хүн өвдөхөд ажиллах хүч бий. Цаашид байдал хүндэрвэл өндөр насны тэтгэвэрт байгаа эмч нар, өөр газар ажиллаж байгаа эмч нарыг дайчлан ажиллуулах төлөвлөгөө, судалгаатай байгаа” хэмээв.