Японы Засгийн газар нийслэлийн бүс нутгаас бусад хэсэгт коронавирусний халдварт өвчний улмаас зарласан онц байдлын дэглэмийг цуцлахыг зорьж байна.
Тодруулбал, баруун Осака, Киото, Хёго, төв Айчи, Гифу, баруун өмнөд Фүкүока мужид онц байдлын дэглэмийг цуцлах аж. Гуравдугаар сарын 7-ныг хүртэлх хугацаанд нэвтрүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах тухай шийдвэрийг Засгийн газрын халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх штабын хуралдааны үеэр албан ёсоор гаргаж магадгүй байна. Харин нийслэл Токио, Чиба, Сайтама, Канагава бүсүүдэд онц байдлын дэглэм хэрэгжсээр байх юм.
Японы хэд хэдэн бүс нутагт нэгдүгээр сарын 7-ноос нэг сарын хугацаатай онц байдал тогтоосон билээ. Үүний дараа тус улсын эрх баригчид Токио, Канагава, Сайтама, Чиба, баруун Осака, Хёго, Киото, төв Гифу болон Айчи, баруун өмнөд Фүкүока зэрэг арван мужид онцгой байдлыг гуравдугаар сарын 7 хүртэл сунгажээ. Эдгээр бүс нутагт Японы хүн амын талаас илүү хувь нь буюу нийтдээ 70 сая орчим хүн оршин суудаг.
Хэрэгжиж буй арга хэмжээний хүрээнд эрх баригчид зоогийн газар, шөнийн цэнгээний газруудыг 20:00 цагаас хаах, үүнээс нэг цагийн өмнө архи согтууруулах ундаа худалдахгүй байхыг шаарджээ. Түүнчлэн иргэдийг онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байх, хувийн бизнес эрхлэгчид ажилтнуудыхаа 70 хувийг алсын зайнаас ажлуулах ёстой аж.