ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Спутник-V вакциныг манай улсад оруулж ирэх талаар мэдээлэл гараад байна. Хэзээ орж ирэх талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
– Дэлхий дахинд 6 төрлийн вакциныг дархлаажуулалтад хэрэглэж байна. Үүний нэг болох Спутник-V вакциныг манай улсын Засгийн газрын шугамаар авч байгаа бөгөөд маргааш 10,000 хүн тун вакцин ирнэ.
– Манай улс өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг хэдэн төрлийн хэчнээн тун вакцин хүлээж аваад байна вэ?
– БНЭУ-д үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинаас 150 мянган хүн тун, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 300 мянган хүн тун Синофарм вакцин ирсэн байгаа.
– Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 56 мянган хүнийг эхний ээлжинд дархлаажуулалтад хамруулна гэсэн. Үүнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд багтаж байгаа юу?
– Манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 56 мянган хүн ажилладаг. Бүгдийг нь вакцинд хамруулна. Гэхдээ эхний ээлжинд вакциныхаа нөөц, хангамжид тааруулаад коронавируст халдвартай өвчтөнд тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг шууд өвчтөнтэй харьцдаг хүмүүсээ дархлаажуулах арга хэмжээг авч байгаа.
Бид гуравдугаар сарын 15-н гэхэд эдгээр хүмүүсээ дархлаажуулж дуусгахаар зорьж байна. Бусад товлолын дархлаажуулалтай харьцуулахад арай их хугацаа шаардаж байгаа. Учир нь нэг хүнд 30-40 минутыг зарцуулна. Мөн хүн хоорондын зай барина гээд хугацаа уртсах шалтгаанууд гарч байна.