Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, Засгийн газрын тогтоол баталлаа.
Мэргэжлийн байгууллагын 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22-нд коронавирусний халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийхэд “Маш өндөр” гэсэн дүгнэлт гарчээ. Иймд энэ сарын 31-нд дуусгавар болж байсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацааг сунгах шаардлагатай гэж үзэв.
Засгийн газрын ээлжит бус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулж, халдварын тархалт нэмэгдэж, дархлаажуулах ажил эрчимжиж байгаатай холбогдон гарч буй нэмэлт зардлын төсвийн төсөл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин нэг сараар сунгах тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн батлууллаа.
Мөн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулж хугацааг нэг сараар сунгав. Ингэснээр 2021 оны тавдугаар сарын 1 хүртэл хилийн 14 боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, зорчих хөдөлгөөнийг хорьсон хэвээр байна. Зөвхөн УОК-ын зөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлнэ.
Ташрамд дурдахад, Монгол Улс ноднин хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасаар байгаа юм. 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтыг дөрвөн түвшинд ангилж, аж ахуйн нэгжүүдийн мөрдөх журмыг Засгийн газар баталсан. Уг журмын хүрээнд, гуравдугаар сарын 13-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын гуравдугаар зэрэг буюу “Улбар шар” түвшний журмыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд мөрдөж байна.