Коронавирусийн халдварын нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч, өдөрт илрэх тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор УОК 19.00 цагт Төрийн ордонд хуралдаж, шийдвэр гаргах юм байна.
Халдварын тоо хоёр дахин нэмэгдэж, цаашдаа ч нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байгаа учраас ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн зөвлөл болон ХӨСҮТ-өөс хамгийн багадаа 14, цаашлаад 21 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлсэн байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Тохиолдол ихсээд байгаатай холбоотойгоор мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас байнга зөвлөгөө авч байгаа. Санал дүгнэлтээ УОК-т өгсөн. УОК эцсийн шийдвэрийг гаргана. Өнөөдөр мөн дахин хуралдаж дараагийн шийдвэрийг гаргахаар төлөвлөсөн гэлээ.
-ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: Хөл хорио тогтоосноор шууд халдварыг бууруулна гэж хэлж чадахгүй. Харин тархалтын эрчмийг бууруулна. Эрсдэл бүлэг өвчлөх, түүнээс хамаарсан нас баралтыг бууруулах зорилготой юм. Мөн хөл хорио тогтоосон хугацаанд вакцинжуулалтыг шуурхайлна.