Японы Киотогийн их сургуулийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтнүүд коронавирусээр халдварласны улмаас уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа туссан өвчтөнд амьд донороос уушги шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ.
“Амьд донороос уушги шилжүүлэн суулгах дэлхийн анхны энэхүү мэс засал нь уушгины хүнд үрэвсэлтэй өвчтөнүүдэд найдвар төрүүлсэн, ирээдүйтэй эмчилгээ болно” гэж Японы мэргэжилтнүүдийн баг мэдэгдэлдээ дурдсан байна.
Өнгөрсөн оны сүүлчээр коронавирусний халдвар авсан эмэгтэйд нөхөр, хүүгийнх нь уушгины хэсгээс шилжүүлэн суулгажээ. Уг эмэгтэйн бие халдвар авснаасаа сайжрахгүй байсаар хоёр уушги нь ажиллагаагүй болж эхэлсэн байна. Мэс засал 11 орчим цаг үргэлжилжээ. Одоо өвчтөн болон доноруудын биеийн байдал сайн байгаа гэнэ.
Ийм мэс ажилбарыг дэлхийд анх удаа хийсэн болохыг онцолж байна. Өмнө нь коронавирустэй өвчтөнүүдэд зөвхөн тархины комд орсон доноруудаас уушги шилжүүлэн суулгаж байжээ.