Амьсгалын аппаратын нөөц ямар байгаа талаар ЭМЯ “Амьсгалын аппаратын нөөц хангалттай бий. Харин үүнийг ажиллуулах хүний нөөц бага байна. Уушги орлуулах экмо аппаратын хувьд Монгол Улс гурван экмо аппараттай болж байгаа” гэлээ.
Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүсийн тухайд, хүндэрч эмнэлэг рүү явж байгаа хүмүүс бий гэнэ. Ковидын аюултай шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлгээс нь мэдэгдээд, тухайн хүнийг эмнэлэг рүү шууд шилжүүлж байгаа аж. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүндрэлийн тоо нэмэгдэж, энэ нь нас баралтыг өсгөх вий гэсэн болгоомжлол байгаа гэлээ. Иймээс ковидоор өвдөхгүйн тулд гэртээ байж, хөл хорионы дэглэмээ сахихыг ЭМЯ-наас уриалав.
Нэг хүн ковидоор өвдөхгүй байх нь эргэн тойрны гурван хүнийг өвчлөлөөс хамгаална гэсэн судалгааны дүн бий. Иргэд та бүхэн аль болох айлаар явахгүй байж, гурван С-гийн дүрэм буюу хүн хоорондын зай барих, бүгчим газар удаан байхгүй байх, олон хүнтэй газраар явахгүй байх дүрмийг баримтлаарай.