Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшихээр О.Цогтгэрэлийн АН-аас нэр дэвшихээ өчигдөр мэдэгдсэн Х.Тэмүүжин өнөөдөр нэрээ татаж байгаагаа өөрийн твиттер хуудсаар дамжуулж мэдэгдлээ. Тэрбээр “Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотроо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орноо авч явж чадахгүй. Хүчтэй нь хүчтэйгээ дийлдэг. Мөнгөтэй нь бүхнийг худалдаж авдаг. Эрх мэдэлтэй нь хуулиас дээгүүр оршдог нийгмийг үр хүүхдүүддээ үлдээвэл мунхаг тэр…” гэжээ.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэрээ татах мэдэгдэл АН-ын одоогийн албан ёсны дарга гэгдэж буй С.Эрдэнийг “Мэдээний урсгал”-д орж байх үетэй давхцсан. АН-ын зодоон зөвхөн нэр дэвшигчийг тодруулах сунгааны хугацаанд биш цаашид эцэс төгсгөлгүй үргэлжлэхийг дээрх үйл явдлуудаас харж болохоор байна.
Түүний хувьд албан бус даргатай АН-аас нэр дэвших нь эцсийн шатанд хүчгүйдэж, мандат хүртэх боломжгүйг одоо л мэдэж байгаа биш. Гагцхүү нам дотроо ойлголцож, илүү ардчилсан сунгаан өрнөнө гэж харж байсан бололтой. Х.Тэмүүжингийн хувьд АН-ыг хагаралдуулж, энэ хүртэл унагасан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг мэдэхийн сайнаар танина. Цагтаа болж бүтэхгүйтэй нь тэрсэлдэж, ах дүүгийн тангараг тасарч явсан нэгэн.