2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 30.2-т Ерөнхийлөгчөөр зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно гэж заасан.
Тэгвэл Монгол Улсын түүхэнд анх удаа зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр эрх баригч МАН-аас намын дарга У.Хүрэлсүх, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг нэр дэвшүүлэхээр ёсчлон батламжлаад байна.
Харин гуравдагч мандатыг эзэмшигч Хөдөлмөрийн үндэсний намаас “Датаком” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбатыг нэр дэвшүүлэхээ зарлалаа.
Хуульд заасан хугацааны дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг өчигдөр Үндэсний аудитын газар хүргүүлээд буй. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж эхэлсэн бөгөөд аудитын дүгнэлтийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд буюу энэ сарын 3-5-нд багтааж СЕХ-нд хүргүүлнэ.
Ямартай ч улс төрийн “халуун” сар эхэлж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн гол өрсөлдөөн хэний дунд өрнөх бол.
Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас бүрэн бүрэлдэхүүнээрээ огцоруулж байх үеэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх чуулганы танхимд “Миний бие улс төрөөс явж байгаа юм биш. Би цаашдаа Монгол төрийнхөө төлөө урьдын адил хүчин зүтгэнэ” гэж хэлж байсныг санаж байсныг уншигч та санаж байгаа биз.
Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ тухайн үед л ийнхүү зарлаад авсан.
Тэгвэл өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал, Бага хурлаар намын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх санал 100 хувийн дэмжлэг авсанд олон нийт төдийлөн нь гайхсангүй.
Төрийн тэргүүний сонгуульд од нь гийдэггүй МАН сүүлийн гурван Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шархаа нөхөхийн тулд мэдээж рейтинг өндөр, иргэдийн дунд хамгийн нэр хүндтэй байгаа нэр дэвшигчээ сойх нь дамжиггүй. МАН гурван ч удаа алдсан төрийн тэргүүний суудлыг МАН-ын 100 жилийн ойгоор эргүүлэн авахаар зориод буй гэх.
АН хоёр хэсэгт хуваагдан Ерөнхийлөгчийн сонгуульд тус тусын нэр дэвшигчдийг бүртгэж, дотоод сонгууль явуулсан. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг нэр дэвшүүлэхээр ёсчлон батламжлаад байна.
АН-ынхан дотоод хагарлаа шийдэж, энэ сарын 1 гэхэд нэр дэвшигчээ тодруулна гэж байсан ч шийдэлд хүрч чадалгүй тус тусдаа нэр дэвшигчээ тодруулахаар шийдсэн нь энэ бололтой.
Цахим болон цаасан сонгуулиар хоёр талд М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг даргаар тодруулсан ч Улсын Дээд шүүх аль ч талын хүсэлтийг бүртгээгүй. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын хэнийг АН-ын төлөөлөн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь маргаантай хэвээр. СЕХ аль нэр дэвшигчийг бүртгэх бол. Намын гишүүд нь амьсгаа даран хүлээж байгаа нь дамжиггүй.
Датакомын Энхбат, Форумын Энхбат, Ногоон намын Энхбат гэдгээр олны танил тэрбээр 2008-2012 оны парламентад Иргэний эвслээс сонгогдон ажиллаж байсан.
Зөв хүн Электорат эсвлээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших саналыг Д.Энхбат, нийтлэлч, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан нар хүлээн авсан. Д.Энхбатын тухайд саналыг хүлээн авахдаа маш нухацтай бодсон гэдгээ хэлсэн юм. 2012 онд УИХ-ын ажлаа хүлээлгэн өгснөөсөө хойш улс төрөөс хол байсан Д.Энхбат ийнхүү улс төрд эргэн ирлээ.
Хөдөлмөрийн Үндэсний Намаас Ерөнхийлөгчөө захиалъя аянг өрнүүлсэн билээ. Манай эвслээс гэхээсээ илүүтэй монголчуудын сонголт байсан гэдгийг ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд онцолж буй юм