Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хэлэлцсэн. Нийслэлийн авто замын түгжрэл, гэр хороолол, төвлөрлийн асуудлыг түлхүү ярилцаж, тодорхой шийдвэрүүдийг гаргахаар болсон юм. Тодруулбал, жил бүрт 420-оос доошгүй тэрбум төгрөгийг нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд зарцуулна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн билээ. 2024 он гэхэд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулах зорилт тавьж ажиллах юм байна.
Улаанбаатар хотын гэр хорооллыг багасгах, төвлөрлийг сааруулах чиглэлд үе шаттай арга хэмжээ авч ажиллахаа мөн мэдэгдсэн юм. Тухайлбал, хотоос хөдөө руу, их, дээд сургуулиа төгссөн залуус орон нутагт шилжин ажиллабал ажилласан жилийг нь илүү тооцож, нэмэгдэл олгох, ААН-үүд орон нутагт үйл ажиллагаа явуулбал татварын хөнгөлөлт эдлүүлэх зэрэг таатай нөхцөлүүдийг үзүүлэх талаар шийдвэр гаргах аж.
Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах хүрээнд төрийн байгууллагууд өөрсдөө манлайлал үзүүлж ажиллах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд яриандаа тодотгосон. Зарим яам, тамгын газрууд өөрсдөө хотоос гарах, гэр хороолол руу нүүж манлайлал үзүүлэх хэрэгтэй гэв. Хамгийн түрүүнд Хотын захиргаа Яармагт баригдсан шинэ байр руугаа нүүнэ, энэ асуудал наадмын дараа бүрэн шийдэгдэнэ гэдгийг онцолсон.
Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Яармагт баригдсан шинэ барилга руу Хотын захиргааг нүүлгэхгүй, тус барилгыг бизнес инновацын төв байдлаар ашиглана гэдгээ мэдэгдэж байсан.
Дашрамд дурдахад, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог байна. Хотын захиргаа Яармаг руу нүүснээр дээрх ачаалал тодорхой хувиар буурна гэж үзжээ.