Ардчилсан намын 4:11 уулзалт өнөөдөр /2021.05.20/ боллоо.
Уулзалтын дараа АН-ын дарга М.Тулгат, Ц.Оюундарь, Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийв.
Тэд “Хар машины лиценз дууссан ч СЕХ сунгуулаагүй бөгөөд хэдэн IT залуу хакерддаг. Саналын хуудсыг гараар тоолох үед хэвлэмэл хуудас нь бэлэн байж байдаг. Үүнд МАН-ын удирдлагууд оролцсон. Д.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар мөнгө өгч, үр дүнгээ захиалсан, Эцэст нь Б.Сэмжидмаа, Г.Гангамөрөн мэтийн хүмүүс сонгогдсон” гэж мэдэгдэв.
Канадын “Dominion voting” компаниас 2020 оны есдүгээр сарын 15-нд СЕХ-нд албан бичиг хүргүүлжээ.
Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг танилцуулахдаа санал тоолох хар машины серверт хөндлөнгөөс нөлөөлж, өөр серверийн дүнг 30 минутын хугацаанд харуулж, нэр дэвшигчдийн сонгуулийн дүнг худал мэдээлсэн байж болзошгүй гэдгийг бичигт илэрхийлжээ.
Канадын “Dominion voting” компани албан бичгийнхээ төгсгөлд “Манай системийг төлөвлөөгүй байдлаар хэрэглэснээс үүдэн сонгуулийн орой эргэлзээтэй байдал үүссэнд харамсаж байна” гэж бичсэн байсан аж.
АН-ын дарга М.Тулгат “Энэ асуудлыг хуулийн байгууллага зургаан сар шалгаад, хохирогчгүй хэрэг нэрээр хаасан. Хохирогчгүй гэж үзээд хааж байгаа нь туйлын аюултай юм” гэв.