Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссантай холбоотойгоор Монгол Ардын Намаас мэдээлэл хийлээ.
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль албан ёсоор явагдаж, өндөрлөлөө. Манай ард иргэд телевизээр сонгуулийн үр дүнгийн талаарх мэдээллийг бидэнтэй хамт авч байгаа гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн насны иргэдийн 60 орчим хувь оролцсон байна.
Миний бие 65 орчим хувийн саналаар ялалт байгуулж байна. Монголынхоо нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Энэ бүхнийг би асар их хариуцлага гэж хүлээн авч байгаа.
Монголын ард түмэн төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо их зүйл хийж бүтээгээсэй, эхлүүлсэн ажлуудаа дуусгаасай гэсэн том итгэл найдварыг хүлээлгэж саналаа өглөө гэж ойлгож байгаа. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө, улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө, үр хүүхэд, ирээдүй хойчдоо сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно.
Хамт нэр дэвшиж өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.