УОК-ын өчигдрийн хуралдааны үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр COVID-19 эсрэг вакцины дараах дархлаа тогтоцын судалгааг танилцуулсан. Халдвар авч байгаа 10 хүн тутмын ес нь вакцингүй буюу өдөр бүрийн халдварын тохиолдлын 90 хувь нь вакцинаа хийлгээгүй иргэд байна.
Тодруулбал, сүүлийн гурван өдөр халдвар авсан 6600 гаруй хүний 6000 нь буюу 90 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээгүй, огт хийлгээгүй, нэг дэх тунг хийлгэсэн , хүнд өвчтэй буюу дархлаа сул хүн, хүүхдүүд байна. Харин хоёр дахь тунг тариулаад 14-өөс дээш хоносон иргэд хамрын ханиад мэт халдвар авч эрсдэлээс бүрэн хамгаалагдаж байна.
Бүх төрлийн вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-0.6 хувь нь халдвар авсан. 90-ээс дээш хувь нь хөнгөн өвдсөн, есөн хувь нь хүндэвтэр өвдсөн, нэг хүрэхгүй хувь нь биеийн суурь өвчнөөс болж хүндэрсэн. Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушгины хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байна. Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй.
Иргэдэд эерэг мэдээлэл өгөхөөр тайвшран, халдвар хамгааллын дүрмээ мөрдөхгүй байна. Харин сөрөг мэдээлэл өгөхөөр айдаст автаж байна. Сүүлийн өдрүүдэд халдвар ихээхэн өссөнд олон хүн гайхаж байна. Хэдий эрдэмтэд халдвар буурна гэж таамагласан ч тооцоолоогүй олон хүчин зүйл нөлөөллөө. Сонгууль ч нөлөөлсөн. Санал авах байруудад хүн хоорондын зайгаа бариарай гэх мэт зөвлөмжийг бид өгсөөр байсан. Гэхдээ иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн нь илүүтэй нөлөөлсөн. Шагнал урамшууллыг ярихаас өөр аргагүй. Шагнал авсан иргэд багахан найр зохион байгуулсны дараа халдвар авсан тохиолдлууд гарлаа.
Иргэд орон нутаг руу зорчихдоо халдвар хамгааллаа сайн мөрдөөрэй.
Манай улсын нийт хүн амын 35 хувийг эзэлдэг хүүхдүүд вакцин хийлгээгүй байна.
Синофарм вакцин 80 хувийн дархлаа тогтоодог. 1 сая хүн тариулахад 800 хүнд дархлаа тогтож, 200 хүнд дархлаа тогтохгүй байх магадлалтай гэсэн үг юм. Манай улсын нийт насанд хүрэгчдийн 40 орчим хувь нь бүрэн тундаа хамрагдаад, 14 хоножээ.” гэсэн юм.