Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Тус хуулийн 8.3-т “2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээнэ” хэмээн тусгажээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд өчигдөр ээлжит бус хуралдаанаар тус асуудлыг хэлэлцсэн юм.
Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж байсан боловч Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат нарын гишүүдийн зүгээс асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцдэг уламжлалтай. Хоёрдугаарт, олон хүний амьдрал, эрх чөлөөний асуудал яригддаг учраас хаалттай хэлэлцэж санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй” гэлээ.
Үүнтэй холбогдуулан хаалттай хэлэлцэх горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх буюу 73.5 нь дэмжсэн учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хаалттай горимд хэлэлцэхээр боллоо.
2019 оны наадмаар сэргээштэй холбоотой зөрчил гаргасан 2 бөх, 2020 оны наадмаар зөрчил гаргасан 3 бөх бий.