УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг одоогоор хаалттай байгаа зарим салбарын үйл ажиллагааг долоодугаар сарын 4-ний өдрөөс нээх саналыг ЭМЯ-наас гаргасан гэлээ.
Тэрээр, “Өнөөдөр болсон иргэдийн жагсаал хоёр зорилготой. Нэг нь наадмыг цуцлах, нөгөө нь эдийн засгаа, ААН-үүдээ нээ гэсэн шаардлага тавьж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлыг наймдугаар сарын 31 хүртэл сунгасныг хатуу хөл хорио тогтоож, ААН-үүдээ хаасан хэвээр байх юм байна гэсэн буруу ойлголт явчих шиг боллоо. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл гэдэг нь өнгөрсөн жилийн өдийд та бид хэвийн амьдралаар амьдарч байх үед өндөржүүлсэн бэлэн байдлын гамшгийн зэрэглэл хэрэгжиж байсан.
Бизнес нийгмийн нийт 89 төрлийн үйл ажиллагаа байдаг. Эрсдэлээс хамаараад үүнээс 10-аад төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байдалтай байна. ЗГ аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр эдийн засгаа нээлттэй байх, халдвар хамгааллын дэглэмээ хаа хаанаа баримталж дасан зохицож амьдрах хувилбарыг сонгоод багагүй хугацаа өнгөрч байна. Хаалттай байгаа 10-аад төрлийн үйл ажиллагааг УОК-ын журмаар хэрхэн шат дараатай нээх вэ гэдгийг шийдээд явчихна. Наймдугаар сарын 31 хүртэл тас хориод хязгаарлаж байна гэсэн үг биш.
Долоодугаар сарын 4-нд амралтын газрууд, фитнессийг хаах хугацаа дуусгавар болно. Өнөөдрийн УОК-ын хурлаар энэ асуудлаар хуралдсан. Долоодугаар сарын 4-нөөс энэ хаалттай байгаа салбаруудаас, жишээ нь амралтын газруудыг нээх саналыг ЭМЯ оруулж ирсэн. Үүнийг НОК, шат шатны орон нутгийн засаг дарга нараас саналыг аваад УОК-оос шийдвэр гаргана. ЗГ хатуу хөл хорионоос ангид байхыг зарчмаа болгож ажиллаж байна. “