Өнөөдрийн байдлаар манай улсад долоон хүн дельта вирусийн халдвар авчээ.
Хэрэв нийт хүн амын дунл дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.
“Дельта хувилбарын нууц үеийн хугацаа нь мутацид ороогүй вирусээс богиносоод ирсэн. Мутацид ороогүй вирусийн нууц үе нь 5-6 хоног бол дельта вирусийнх түүнээс бага. Түүнчлэн халдварлуулагч болон халдвар авч байгаа хүмүүст шинж тэмдэг илрэх хугацаа багасна.
Үүнээс харвал хэрвээ манай улсад дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй. Батлагдсан тохиолдол нэмэгдэх тусам эмнэлгийн үйлчилгээний асуудалд хүндрэл үүснэ.
Эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүний тоо, биеийн байдал нь хүндэрсэн хүний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Үүнтэй уялдуулан эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийн асуудал гарна” гэж хэллээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1243 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 514 нь Улаанбаатар хотод, 724 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн таван тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 153783, нийт нас баралт 761 болжээ.
24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны зургаан хүн архаг хууч өвчний хавсарсан болон коронавирусийн халдварын улмаас нас баржээ. Нас барсан хүмүүсийн хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Коронавирусийн халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 761-д хүрлээ.
Өнгөрөгч хоногт 2732 хүн эдгэрч, эмнэлгээс гарс байна.
Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь
- Хөнгөн 5961
- Хүндэвтэр 2825
- Хүнд 944
- Нэн хүнд 214 хүн эмчлүүлж байна.