Германы автомашин үйлдвэрлэгч өчигдөр Мюнхен хотод болж буй 2021 IAA Mobility үзэсгэлэнгийн үеэр алдарт G-Class загварынхаа бүрэн цахилгаан концепцийг нийтэд үзүүлжээ.
Concept EQG гэж албан ёсоор нэрлэгдэж байгаа уг концепцийг зөвхөн дизайн загвар талаас нь үзүүлсэн бол батарейн багтаамж, бүрэн цэнэглэлтээр туулах зай, хөдөлгүүрийн чадал зэрэг бусад техник үзүүлэлтийн талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Дэлхийн гол автомашин үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд SUV ангиллын төмөр хүлгүүдээ цахилгаанжуулах ажилд эрчимтэй ороод байгаа. General Motors удахгүй Hummer брэндийн хоёр цахилгаан загварыг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэ оны сүүлээр Rivian стартап анхны цахилгаан пикап загвараа зах зээлд гаргахаар болсон. Америкийн домогт үйлдвэрлэгч Ford хуучны Bronco загвараа шинэчлэн цахилгаан хөдөлгүүртэйгээр гаргах гэж байна.
Өмнө нь Mercedes Benz бүрэн цахилгаан EQS седан загвараа танилцуулж байсан бол одоо SUV ангиллын хамгийн том автомашинаа мөн цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх төлөвлөгөөгөө зарлаж байгаа юм.